Monday, December 5, 2016

ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТАТЛАГЫН ТУХАЙ, ЗАРЛАН ДУУДАХ ХУУДАС АВААД ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧООНД ИРЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.

Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн" гэж, тус зүйлийн 2 дахь заалтад "Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно" гэж тус тус заасан.
Түүнчлэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг.
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангадаг.
Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг аймаг, нийслэл /дүүрэг/-д зохион байгуулан явуулж байна.
Өнөөдөр Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах" үндсэн үүргээ хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн 2 хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба нь байлдагч, түрүүчийн болон гэрээт цэргийн албанаас бүрдэх ба цэргийн дүйцүүлэх албыг иргэд биеэр хаах, эсвэл мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог.
1.Цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас олгох эрэгтэйчүүдийн насны дээд хязгаар хэдэн нас хүртэл байдаг вэ?
18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч гэнэ.
2.Цэргийн жинхэнэ албанд татсан тухай зарлан дуудах хуудас аваад заасан газарт ирээгүй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хүлээлгэх хариуцлагын талаар дурьдана уу?
Цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон байдаг. Энэ нь Монгол Улсын иргэн, ялангуяа дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүдийн заавал биелүүлэх үүрэг юм.
Түүнчлэн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж, цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээнэ.
Хэрвээ цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Цэргийн бэлтгэл үүрэгтэн хууль зөрчиж хуурамч баримт бичиг үйлдэх, залилан мэхлэх, оргон зайлах зэргээр цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол 251-351 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэмд хамрагдсан, гэнэтийн аюулд өртсөнөөс цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэх шалтгаантай байсан гэж үздэг.
3.Цэргийн жинхэнэ албанд татагдсан тухай зарлан дуудах хуудас хүлээн авсан үедээ албан ажлын зайлшгүй шаардлагаар өөр аймаг, нийслэлд албан томилолтоор ажиллах болсон, түүнчлэн гадаадын аль нэг улс оронд сурах, ажиллах болж тухайн улсын ВИЗ дарагдсан, зарлан дуудах хуудас тараахаас өмнө гадаадад гарсан иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д "... албан томилолт, амралтаар явсан цэргийн бэлтгэл үүрэгтнээ яаралтай дуудаж, тогтоосон хугацаанд нь цэрэг татлагын байранд буюу товлосон газарт ирүүлэх" нь байгууллагын эрх баригчийн үүрэг гэж заасан байдаг.
Гэвч албан ажлын зайлшгүй шаардлага, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар өөрийн үндсэн харъяалах цэрэг татлагын товчоо, товлосон газарт хүрч амжихгүй болсон тохиолдолд тухайн орон нутаг дахь Цэргийн штабт очиж бүртгүүлэх үүргийг хүлээнэ.
Түүнчлэн Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 8 дахь заалтаар цэрэг татлага явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэрэгт татагдах насны иргэн тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчихыг хориглосон байдаг.
Хуулийн дээрх заалтууд Монгол Улсын иргэн дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтэн болох 18-25 насны эрэгтэйчүүдэд хамаардаг юм.
Хэрвээ гадаадын аль нэг улс оронд сурах, ажиллахаар ВИЗ авсан тохиолдолд Монгол Улсын иргэний холбогдох баримт бичгийг /Иргэний үнэмлэх, гадаад паспорт, суралцах болон ажиллах гэрээ, Цэргийн үүрэгтний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр..гм/ харъяалах Цэрэг татлагын товчоо, Цэргийн штабын холбогдох албан тушаалтанд танилцуулж, асуудлаа шийдвэрлүүлнэ.
Түүнчлэн 18-25 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн жинхэнэ албанд татсан тухай зарлан дуудах хуудас тараахаас өмнө гадаадад явсан тохиолдолд тухайн иргэний бие төлөөлөгч эсвэл гэр бүлийн аль нэг гишүүн нь харъяалах Цэрэг татлагын товчоо, Цэргийн штабт холбогдох баримт бичгийн хамт очиж гадаад гарах болсон шалтгаан, тэнд амьдрах хугацааг мэдэгдэн цэргийн бэлтгэл үүрэгтний холбогдох материалд тэмдэглэл хийлгэх нь зүйтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 500 гаруй иргэн оролцсон юм. Энэ жилийн хувьд уг өдрийг Баянзүрхчүүд “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сарын аяныг зохион байгуулсан бөгөөд аяны шилдгүүдийг эл арга хэмжээний үеэр дүүргийн удирдлагууд шагнаж урамшуулсан юм. 
Сарын аяны хүрээнд гурван өрхийг иж бүрэн гэртэй болгож, жижиг дунд бизнес эрхэлдэг 17 иргэнийг 1-ээс 3 хүртэлх сая төгрөгийн зээлд хамруулжээ. Түүнчлэн 4200 гаруй иргэнд амьжиргаа дэмжсэн буцалтгүй тусламжинд хамруулан, 20 гаруй өрхөд тусламж дэмжлэгийг үзүүлсэн байна. 
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст төрийн байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн чих хамар хоолойн “Эм жи жи” эмнэлгийн хамт олонтой хамтран үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийлээ. 
Дашрамд дурдахад, Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар Баянзүрх дүүрэгт төдийгүй нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг 2014 онд 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байжээ. Өдгөө тус дүүрэгт 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна






201612,03

Баянзүрх дүүрэг Шатар сонирхогчдын аваргуудаа шалгарууллаа.

“Оюунлаг иргэдтэй Нийслэлийн төлөө” уриатай иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг шалгаруулах зорилготой шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 19 нд эхлэж хоёр өдрийн турш амжилттай үргэлжлэн аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000 -аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогч иргэд оролцсон юм.
Баянзүрх дүүргээс Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй шатарчид.
1-р байр П.Мөнхжаргал
2-р байр Б.Буянмөнх
3-р байр Б.Гантулга
4-р байр М.Алтангэрэл
5-р байр П.Ганбаяр
6-р байр Д.Мөнхзул
Баянзүрх дүүргээс Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй шатарчид.
1-р байр Ө.Уянга
2-р байр Д.Цээсүрэн
3-р байр Г.Урантуяа
Медальт болон шагналт байруудад шалгарч Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж авсан нийт шатарчиддаа спортын өндөр амжилт хүсье.






Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хууль тогтоомжийн талаар танилцуулга хийлээ.


    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс санаачлан Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдын хамтарсан 2016 оны 06 дугаар сарын 30-ний А/74 тоот “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөр алдалтын хувь,хугацааг шинэчлэн тогтоох” тушаалын талаар танилцуулгыг хийлээ.
Танилцуулгын үйл ажиллагааг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан нээж үйл ажиллагааны зорилгыг танилцуулсан бөгөөд тус хэлтсийн Иргэний танхимын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхням хөтөлбөр болон уригдан ирсэн зочдоо танилцууллаа. 
Уг үйл ажиллагаанд дүүргийн хороо тус бүрээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ирж оролцсон ба урилгаар Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын орлогч дарга М.Саранцэцэг, гишүүн Г.Даваажав, Ш.Ганцэцэг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва нар ирж мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.





Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.
Энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 105 жилийн ой тохионо. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон.
Монголчууд энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн билээ.
Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулсан юм.
Манж Чин гүрний 200 жилийн ноёрхлыг удтал тэмцсэний хүчинд үгүй хийсэн энэ тэмцэл, ялалт нь 1921 оны Ардын хувьсгалын эхлэл, суурь нь болсон гэж түүхчид үздэг.
Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм.

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...